
Гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэж буй шалтгаанаар нь гадаад гаралтай, дотоод гаралтай астма гэж 2 үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
Бидний хүрээлэн буй орчин өргөн тархсан төрөл бүрийн харшил төрүүлэгчид хүний бие махбод хэт мэдрэг байдал үүссэнээр гадаад гаралтай харшлын астма өвчнөөр өвчилдөг. Харшлын астма өвчтэй хүмүүсийн дийлэнх нь харшламтгай байдлыг эцэг, эхээсээ өвлөн авсан байдаг. Өөрөөр хэлбэл харшламтгай байдал нь удамшдаг гэсэн үг юм.
Харшлын астма өвчний үед гэнэт амьсгал давчидан амьсгаадах шинж илэрч бөгшүүлэн хуурай ханиалгадаг. Энэ үед цайвар хөөсөрхөг бага хэмжээний зуурамтгай цэр гардаг. Амьсгал давчидан амьсгаадах үед амьсгалын чимээ тод болж амьсгал гаргалт нь харьцангуй удаан болдог. Харшлын астма өвчтэй хүмүүс шөнө, нойрон дунд гэнэт амьсгал давчидан амьсгаадаж, ханиалган сэрдэг. Мөн хүйтэн агаар амьсгалах, дасгал болон биеийн ачаалал ихсэх үед ханиалгах, амьсгал давчдах шинжүүд илэрч болно.
Харшлын астма өвчин үүсгэдэг үндсэн шалтгаан нь агаарт өргөн тархаж амьсгалын замаар нэвтэрдэг харшил төрүүлэгчид байдаг. Ихэнхи астма үүсгэгч шалтгааны хүчин зүйлс нь харьцангуй хөнгөн, овор хэмжээ багатай (аэродинамик диаметр нь жижиг) байдаг тул бие махбодод амьсгалаар нэвтэрч амьсгалын доод замын нарийн гуурсан хоолойд хүрч харшлын урвал үүсгэж чаддаг байна. Харшлын астма үүсгэдэг шалтгаан нь хамрын харшил үүсгэдэг шалтгаануудтай үндсэндээ адилхан байдаг (дээрээс үз).
Харин гэрийн болон агуулахын тоосны хачигны ялгадас, биеийн хэсгүүд зэрэг харшил төрүүлэгчид нь астма үүсгэх шинж чанар өндөртэй байдаг болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хачиг болон мөөгөнцрийн харшил төрүүлэгчид нь астма үүсгэх чадвартай байдаг бол ургамлын тоос нь голдуу хамрын харшил үүсгэдэг.



