Манай орны зарим нутагт шувууны томуугийн вирус гарч олон тооны жигүүртэн амьтан хорогдсон билээ. Монгол Улсын Засгийн газраас шувууны томуугийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл, стратегийн баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2007 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлыг удирдан чиглүүлэх Үндэсний зохицуулах хороог шувууны томуутай тэмцэх үйл ажиллагаанд оролцдог салбаруудын төлөөллийг оролцуулан байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ахлуулан ажиллуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлснээс гадна олон улсын төсөл хөтөлбөрүүдийн чиглэлээр багагүй ажил хийжээ. Үүний нэг жишээ нь энэ сарын 16-ны өдөр АНУ-ын "Олон улсын хөгжлийн агентлаг"-ын санхүүжилтээр 200 иж бүрдэл хамгаалах хувцас хандивласан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь 51000 ам.долларын үнэ бүхий нэг удаагийн хамгаалах хувцас, ариутгалын бодис, дээж авах зөөврийн багаж хэрэгсэл гардууллаа.
Энэ удаагийн тусламжийн хувцас хэрэгслийг олон улсын хилийн боомт дээр ажилладаг хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мал эмнэлгийн үржлийн газар, ХӨСҮТ-ээс гадна хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хот, Булган, Хөвсгөл, Увс, Ховд, Архангай, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн бэлэн байдлыг хангахын тулд тараах юм байна.
А.Лхагва
мэдээлэл өгчээ.
Тус вирус хүний гарт таван минут, даавуун материалд 8-12 цаг амьдарч халдварлуулах чадвартай аж. Тиймээс ДЭМБ-аас эрүүл иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөхгүй байгаа юм. Хэрэв халдвар авсан хүнийг асрах, өөрөө хүрсэн үед амны хаалт хэрэглэх шаардлагатайн зэрэгцээ гараараа хүрэх хэрэггүй. Учир нь вирүстэй амны хаалтад хүрснээр гар бохирдож хүрсэн бүх зүйлдээ халдвар тараах аюултай. Ер нь гараа сайн угааж байх нь өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга.
Тус вирүс дулааны улиралд хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг байна. Өмнөх тохиолдлуудаас харахад дээрх өвчин хоёр дахь удаагийн дэгдэлт одоогийнхоос хүнд хэлбэрээр өвчлүүлэх талтай аж. Тиймээс иргэд аль болох өвчин хүрэхгүй байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, хувийн ариун цэвэр сахиж, өвчнөөс зугтах хэрэгтэй. Өвчин хүрэхгүй удах тусам вирүсийн хоруу чанар аажмаар буурна. ДЭМБ-ын тооцоолсноор энэ өвчин 3-4 жил үргэлжлэн 150 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) энэ оны эхний таван сарын хугацаанд манай улсад гараад байгаа халдварт өвчний талаарх судалгааг гаргажээ. Эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 24 төрлийн халдварт өвчний 16147 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн мөн үед анхаарал татаж байсан вируст гепатит, хоолны хордлого, гар-хөл-амны өвчин, улаан бурхан, менингоккийн халдварууд 2-9 дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Харин энэ жилийн хувьд цусан суулга, гахайн хавдар, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, мөөгөнцөр, ХДХВ, нярайн үжил зэрэг өвчнүүдийн тархалт ихэсч, анхаарал татах хэмжээнд хүрээд байна. Мөн цөөн тохиолдол бүртгэгдсэн ч шувууны томуу, амьтны галзуу, тарваган тахал, малын боом зэрэг өвчнүүд анхаарал татах болжээ. Манайд хараахан бүртгэгдээгүй ч дэлхий дахиныг сандаргаж байгаа гахайн ханиад буюу томуугийн А хүрээний "H1N1" вирус өнөөгийн байдлаар 88 орныг хамарснаас зургаан улсад 1000-17855 өвчлөлтэй, 17 улсад 100-1000, бусдад нь 1-100 хүртэлх өвчлөл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 24 төрлийн халдварт өвчний 16 мянга 147 тохиолдол бүртгэгдэж, мянга гаруй хүнээр буурчээ. Энэ бууралтад вируст гепатитын өвчлөл 47.8, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 15.5 хувиар буурсан нь нөлөөлсөн аж.
Өнгөрсөн онд гарч байсан вируст гепатит, хоолны хордлого, гар-хөл-амны өвчин, улаан бурхан, менингококкийн халдварууд 2-9 дахин буурсан байна. Харин оны эхнээс цусан суулга, гахай хавдар, тэмбүү, заг хүйтэн, мөөгөнцөр, ХДХВ, хачигт риккетсиоз, нярайн үжил халдварууд ихсэх болжээ. ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байгаагаар сүрьеэ, бруцеллёз, салхин цэцэг зэрэг өвчин огт буурахгүй байгаа аж.
Б.Санж
Tомуугийн А хүрээний (H1N1) вирусын халдвар дэлхийн олон улс орнуудад хурдацтайгаар тархаж нэмэгдэж байгаа ба манай улсад шувууны томуугийн (H5N1) вирусээр шувууд өвчилж, үхсэн тохиолдол гарсан тул эдгээр өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар томуугийн (H1N1) вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн байдал ямар байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны хамгийн сүүлийн мэдээгээр 88 орныг хамран лабораторийн шинжилгээгээр батлагдсан нь 44287 хүн, 180 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.
-Энэ өвчлөл хэдийнээс анх бүртгэгдсэн бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Америкийн нэгдсэн улс, Мексик улсад гахайн томуугийн (H1N1) вирусээр үүсгэгдсэн өвчлөл гарч, Америкийн лабораториор батлагдсан долоон тохиолдол, Мексикст 854 тохиолдол бүртгэгдэж, 58 нас баралт бүртгэгдлээ гэж мэдээлснээс хойш өдөрт өвчлөлт нас баралтын тоо нэмэгдэж байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн цар тахлын үе шатаа нэмлээ гэж ярьж байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Үүсээд буй нөхцөл байдлыг үнэлээд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр цар тахлын түгшүүрийн шатанд шилжсэнээ, 29-ний өдөр нь томуугийн байдал цар тахлын шатанд шилжсэнийг албан ёсоор тус тус зарласан. Тэгээд өнгөрсөн сарын 1-нээс эхлэн гахайн томуу гэдэг нэрнээсээ татгалзаж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлалаа.
Учир нь өнөөдрийн томууг үүсгээд байгаа вирус нь урьд өмнө нь гахайд болон хүнд өвчлөл үүсгэж байгаагүй томуугийн шинэ вирус юм. Цар тахал гэдэг нь томуу үүсгэж байгаа вирус нь өмнө нь байгаагүй шинэ вирус байж, хүнээс хүнд амархан дамжиж, олон улс орон хамарч нийгэм, эдийн засагт ихээхэн хор хохирол учруулдаг үйл явдал юм. XX зуунд хүн төрөлхтний түүхэнд гурван том цар тахал гарч, дэлхий дээр олон сая хүн амь насаа алдсан. 1918 оны испани цар тахлын үед 50-100 сая, 1957, 1968 онуудад 1-2 сая, 1968 онд мөн л цар тахлаар амь нас нь хохирч байсан.
Энэ цар тахалуудыг бодвол одоо улс орнууд хөгжиж буйтай холбоотойгоор ийм их хэмжээний хүний амь насанд хүрээгүй байна гэж ойлгож болох юм.
-Энэ өвчний вакцинийг үйлдвэрлэж байгаа гэсэн энэ талаар?
-Тийм ээ. Одоогоор үйлдвэрлэлийнхээ шатанд явж байгаа. Ирэх наймдугаар сарын сүүлээр хэрэглээнд гаргахаар ажиллаж байгаа гэсэн.
-Манай улсад энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил ямар байдалтай байна вэ?
-Бид энэ вирус гарсан тохиолдолд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, хувцас хэрэгслээ базаах түүнийг ашиглах тал дээр үзүүлэх сургалтууд зохион байгуулж байна. Мөн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх замуудыг тогтмол сурталчилаж байна. Ер нь л урьдчилан сэргийлэх бүхий л төрлийн арга хэмжээг авч ажиллаж өвчлөл гарсан тохиолдолд авах арга хэмжээнд бэлтгэж байна.
Ард иргэд өвчлөлөөс сэргийлэх хамгийн шаардлагатай зүйл нь ахуйн хувийн болон орчны ариун цэврийг чанд сахих явдал юм. Ингэж чадвал одоо үүсээд байгаа бүхий л төрлийн халдварт өвчнөөс сэргийлж чадна.
С.Энхзаяа
АНУ-д нийт 21499 хүн гахайн томуугаар өвчилснөөс 87 нь нас барж, зөвхөн өнгөрсөн Баасан гарагаас хойш 3594 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мексикт 7600 хүн халдварласнаас 113 нь нас баржээ. Одоогийн байдлаар гахайн томуун тохиолдол 100 орныг хамарч, Ази тивд Филлипиний нэг иргэн нас барж, Чилид 4315, Канадад 5701, Англид 2506, Австралид 2436, Японд 850, Хятадад 739 тохиолдол бүртгэгдээд байна.
Б.Солонго
Өргөн цэлгэр уудам нутагтай 40 сая малтай Монгол хэмээх их гүрэн маань гурван сая хүрэхгүй хүн амтай гээд бодохоор үнэхээр эмгэнэлтэй.
Манай улсад өнгөрсөн онд 63000 шинэ иргэн мэндэлжээ. 1988 оны луу жилд Монгол Улс хоёр сая хүн амтай болж байсан түүхтэй. 11 жилийн хугацаанд сая иргэнээр бүл нэмсэнгүй. Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хар толбо нь үр хөндөлт билээ.
"Жирэмсний 12 долоо хоногтой буюу эхний гурван сарын дотор өөрийн хүсэлтээр үр хөндүүлж болно" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан байдаг. Ийнхүү төр засгаас үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль гаргасан нь хүний эрүүл мэндийг зоосны нүхээр хардаг эмэгтэйчүүдийн эмч нарт цэвэрхэн "хүн амины хэрэг" хийх эрхийг олгосон гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэж ардын маань зүйр үг бий. Хэвлийд нь хүн болохын заяа өвөрлөн ирсэн нялх үрээ хайр найргүй хөнөөгсөд борооны дараахи мөөг шиг олширлоо.
Үр хөндөлт олон сөрөг үр дагавартай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай л дурьддаг. Гэтэл "Гэм нь урдаа гэмшил нь хойноо" гэгчээр үр хөндүүлснийхээ хариуд умай цоорох, цус алдах, дахин хэвлийдээ үр бүрэлдэх боломжгүй болох олон сөрөг үр дагавартай учирдаг. Умай цоорсон тохиолдолд цаашлаад саваа авахуулахаас өөр аргагүйд л хүрдэг болохыг мэргэжилтнүүд тайлбарсаар байгаа.
Зөвхөн Улаанбаатар хотод 2006 онд 7243 эх үр хөндүүлсэн бол 2007 онд энэ тоо 11241-т хүрчээ. Хувийн эмнэлэгт өдөрт дунджаар 10 хүн үр хөндүүлэхээр очдог бол улсын нэг эмнэлэгт жилд 2000 гаруй хүн үр хөндүүлдэг аж. Эрүүл мэндийн газрын өнгөрсөн оны статистик мэдээнээс үзвэл өнгөрсөн жилд 10688 хүн үр хөндүүлжээ. Үүнээс сум дундын эмнэлэгт 130, сумын эмнэлэгт 76, хувийн эмнэлэгт 3022, улсын төрөх эмнэлгүүдэд 1845 үр хөнджээ.
Үр хөндөлтийн ихэнхийг нь хувийн эмнэлэгт хийдэг учраас жилд хэчнээн хүн үр хөндүүлсэн талаар судалгаа гаргах боломжгүй байдаг аж. Тиймээс үүний цаана статистикт бүртгэгдээгүй хэд байгааг хэлж мэдэхгүй юм. Учир нь эмч нар үр хөндүүлсэн хүний тоог дор хаяж 2-3 дахин хасч хэлдэг гэж ойрын эх сурвалж мэдээлсэн юм. Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн 100 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулдгаас 10 гаруй нь л үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэнэ. Гэвч зөвшөөрөлгүй эмнэлгүүд нууцаар үр хөндөлт хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн гол нь тэдэнд хүний эрүүл мэнд бус, мөнгө л хэрэгтэй шүү дээ. Манай төрийн түшээдийн ам үйлдэл нь байнга л зөрдөг.
Үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль гаргасан атлаа "Хүн амаа өсгөх бодлого барьж байна" гэж ярьдаг. Нөгөө "Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив" гэдэгтэй ойролцоо сонсогдож байгаа биз. Тиймээс төр засаг маань үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн хуулиа эргэн нэг сайтар нягтлах хэрэгтэй байгааг сануулъя. Гадаадын улс орнуудад үр хөндүүлэх гэсэн хүмүүст эмч зөвлөгөө өгч, долоо хоног бодох хугацаа өгдөг гэнэ. Гэтэл манай улсад эсрэгээрээ.
Эмэгтэйчүүд эмчид очоод үзүүлэхэд бие давхар болсон байвал "Тээх жирэмслэлт үү, эсвэл хөндүүлэх үү. Хөндүүлэх бол цаг алдаад яахав миний дүү. Мөнгө нь бэлэн байвал одоо үр хөндүүл" гэж байхыг захын бүсгүй нэг бус удаа сонссон байх. Манай сурвалжлах хэсэг өчигдөр эмэгтэйчүүдийн нэгэн хувийн эмнэлгийг зорилоо. Чухал бараанд дугаарлаж байгаа юм шиг хэвлийдээ бүрэлдсэн алаг үрийнхээ амийг егүүтгүүлэхээр зогсоно. Тэнд 18-40 орчим насны 10-аад эмэгтэй байна. Тэдний нэг "Х"-ийн яриаг хүргэе.
-Уучлаарай та үр хөндөлдүүлэх гэж байна уу?
-Тийм ээ. Эгч нь хоёр хүүхэдтэй. Одоо энэ гурав дахь нь. Өмнөх хоёроо яаж тэжээе дээ гэж байхад ахиад хүүхэд гаргах бодол алга.
-Хүүхэд чинь хэдэн сартай юм бэ?
-Гурван cap гаруйтай. Түрүүн энэ эмнэлгийн хажуугийн эмнэлэгт очсон чинь томорсон хүүхэд байна. 40 мянган төгрөгөөр үр хөндөнө гэсэн юм. Эгчид нь байгаа нь 35 мянга. Тэгээд энэ эмнэлгийн эмчид учраа хэлээд гуйсан чинь 35 мянгаар үр хөндөлт хийж өгье гэсэн. Тэгээд дугаарлаад зогсч байгаа нь энэ. Угаасаа ямар аргатайдаа л ингэж зогсох вэ гэж бодож сууна.
-Та өмнө нь үр хөндүүлж байсан уу. Ер нь хүнд хүн илүүдэхгүй шүү дээ. Та хүүхдээ төрүүлж болохгүй юу?
-Өмнө нь хоёр удаа үр хөндүүлж байсан. Тэжээх боломжтой бол гаргамаар л байна. Өнөөдөр ширхэг талх ямар үнэтэй билээ. Ингээд бодохоор хүүхдээ тэжээж чадна гэж хэлэх ямар ч боломж алга. Тиймээс л энэ сонголтыг хийж байна. Өнөөдөр монголын нийгэмд амьдрахад хэцүү байна шүү дээ. Олон хүүхэд тэжээх ямар ч боломж алга.
-Уучлаарай. Зарим хүмүүст хүсээд байхад хүүхэд олддоггүй. Та хүүхдээ төрүүлээд ядаж хүнд өргүүлж болохгүй юу?
-"Үхтэл үр харам" гэдэг. Нэгэнт гараад ирэхээр хүнд өргүүлж чадахгүй юм билээ. Тэгээд ч ажил хийж хоёр хүүхдээ тэжээмээр байна. Дахиад нэг хүүхэд гаргах боломж алга даа.
-Сүүлийн үед жирэмслэлтээс хамгаалах маш олон хэрэгсэл байна. Гэтэл яагаад түүнийг хэрэглээгүй үр хөндүүлж байгаа юм бэ?
-"Манай эгч жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавиулаад савны хорт хавдраар нас барсан. Ер нь эгчид нь жирэмслэлтээс хамгаалах эм тариа аль нь ч тохирдоггүй юм. Тиймээс өнөөдөр ийм алхам хийж байна шүү дээ.
Тэр эмэгтэй миний асуусан зарим асуултад хариу өгөхийг хүссэнгүй. Түүний үр хөндүүлэх ээлж нь ирж хаалга татан эмчийн өрөөнд ороход өр эмтрэх шиг боллоо. Зүүний үзүүр дээр тогтсон арвай будаа адил асар их хувь заяагаар олдсон бурхны хишиг алаг үрээ хэдхэн минутын дотор хогийн саванд "чулуудаж" байгаа эмэгтэйг эх хүн гэж хэлэхэд ч гол харламаар санагдсан. Танил эмэгтэй маань олон удаа үр хөндүүлж байснаас болж дахин ээж болох эрхээ хасуулсан гашуун тавилантай хоцорсон. Хамгийн эмгэнэлтэй нь сүүлийн үед өсвөр насны охид үр хөндүүлэх нь ихэсчээ.
Анхны үрээ хогийн сав руу хийснээс болж насаараа үрийнхээ алтан зулайг үнэрлэж, "Ээж ээ" гэж дуудуулах эрхгүй болж байгаа олон жишээ бий. Сургуулиудын хонхны баярын дараагаас буюу зун намар охид бүсгүйчүүд үр хөндүүлэх нь ихэсдэг болохыг эмч нар нуугаагүй юм. Өнөөгийн нийгэмд бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт хоёр үнэхээр нэн тулгамдсан асуудал болоод удаж байна.
Хоёр хүн үзүүлэхэд бараг л нэгээс нь бэлгийн замын халдварт өвчин илэрдэг хэмээн мэргэжлийн хүн ярьж байсан. Тийм болохоор үр хөндүүлэхийн өмнө эхлээд гарах, дараа нь тохиолдож болох хүндрэлүүдээ бодож үзсэн байх ёстой. Хожуу хүндрэл гэдэг нь умайн дотор салстын үрэвсэл, үргүйдэл юм. Тухайн мэс ажилбар хийлгэж буй хүн ямар нэгэн халдвартай үр хөндөлт хийлгэснээс болж халдвар үрийн сүв рүү дамжиж үргүй болох тохиолдол гардаг гэдгийг мэргэжилтнүүд сануулсан.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж мөнгөөр хэзээ ч худалдаж авч болохгүй хүний амийг хайрлан энэрч, ирээдүйн эх орны эздийг эрүүл саруул өсөн торних бололцоог нээж өгөөч хэмээн төр засаг, "алтан гартай" эмч, эмэгтэйчүүдээсээ хичээнгүйлэн хүсье.
Б.Анхаа
Зуныг бараг бүх архаг өвчин нам жимхэн болдог цаг хэмээн үздэг. Ердөө л тэгж үздэг хэрэг! Үнэндээ тэгшхэн газраар явж байгаад "бүдэрч" болдог шүү дээ. Хамгийн энгийн зүйл ч "нам жимхэн" болсон элдэв өвчнийг сэдрээснээр, эрүүл мэндийг тань сүрхий муутгаж мэднэ. Харин ямар ямар эрхтэнд юу аюул учруулдаг вэ?
Зүрхэнд юу аюултай вэ?
Энерги ихтэй ундаа. Кофеиний өндөр агууламжтай ийм ундаа зүрхний цохилт, цусны даралтыг ихэсгэдэг. Кофеин болон таурины (ийм ундаануудын гол найрлага болдог бодис) хэмжээ их байх нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, эмийн үйлчлэлд саад болдогийг америкийн эмч нар илрүүлжээ. Сахаргүй хамгийн нэртэй ийм ундааны нэг хувилбар цусны бүлэн үүсэх, зүрхний шигдээс авах, цус харвах эрсдлийг ихэсгэдэг гэсэн дүгнэлтийг Австралийн мэргэжилтнүүд хийсэн байна.
Тэгвэл яахав: цангаагаа ус, морс, компот, ногоон цайгаар тайл.
Эмээ бүү хая
Хүмүүс бие сайн байвал халуун биш үед эм уухаас дураараа татгалзах юм уу тунгий нь багасгадаг. Харин зун цаг бол хүнсний ногоо, жимс жимсгэнэ гардаг улирал учир амин дэмийн шахмал уухгүй байх нь цорын ганц боломжийн хувилбар мөн. Элдэв архаг өвчний үед энэ улирал нь эмийн тунг багасгах юмуу ихэсгэх шалтаг биш. Энэ нь ялангуяа цусны даралттай хүмүүст хамаатай. Тэдний хувьд тунг өөрчлөх нь аюултай алдаа, учир нь цаг агаар сайхан, муухай байхаас гадна агаарын чийглэг байдлаас аваад соронзон шуурга болон Сарны хэмжээ хүртэл өвчнийг хурцатгаж мэдэх бас зөндөө олон хүчин зүйл бий.
Тэгвэл яахав: хэрвээ эмч эмчилгээ зааж өгсөн бол, түүний яс дагаж, толгой эргэх, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг таагүй шинж тэмдэгийг зүгээр нэг дарах биш, харин илүү ноцтой үр дагавараас сэргийлэхийн тулд өөрийгөө эмчлэх хэрэгтэй.
Агаар сэлгэгчээс болгоомжил
Хүйтэн ундаа, зайрмаг, ялангуяа агаар сэлгэгч төхөөрөг, салхинд цохиулах зэрэг нь зун цагт ханиад шуухинаа тусах, гүйлсэн булчирхай үрэвсэх, хатгалга авахын гол шалтгаан мөн. Гүйлсэн булчирхай үрэвссэний дараа даамжирдаг хурц ревматоид нь залуус болон хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй болгодогоороо аюултай. Хатгалгаа биеийг бүхэлд нь сулруулдаг.
Тэгвэл яахав: агаар сэлгэгчийн дор бүү суу. Хүйтэвтэр ус (10-13 градусын)нь мөстэй усыг бодвол цангааг муугүй тайлдаг. Хөргөгчнөөс гаргасан усыг маш бага балгаар уу, гэхдээ нэг удаа хагас аяганаас илүү уух хэрэггүй.
Ходоодоо бод
Их шингэн уух хэрэггүй. Зун шингэний хэрэглээ эрс нэмэгдэж, ходоодны шүүс шингэрдэгээс болоод микробын эсрэг, халдваргүйжүүлэх үйлчлэлтэй давсны хүчил ходоодонд багасдаг. Ингэснээр хоолны хордлого авах магадлал ихсэж, харин аливаа хордлого нь ходоодны үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг сэдрээж мэднэ.
Тэгвэл яахав: усны хэвийн тэнцвэрийг барьж байхын тулд цельсийн 21 градусын дундаж температурт хамгийн багаар 1,5 литр, 26 градуст 1,9 литр, 32 градуст гурван литр ус уух хэрэгтэй. Энд ус, шүүс, шөл, жимс жимсгэнэ, хүнсний ногооны "далд" шингэн орно. Энэ зөвлөмжийг дагахдаа, өөрийгөө үүнээс их уухыг албадах хэрэггүй, учир нь илүүдэл ус нь бөөр, зүрхэнд ирэх ачааллыг ихэсгэдэг. Идэх зүйлээ сонгоход тун нягт нямбай хандаж, хадгалах хугацаа, зааврыг сайн үзэж, гар, хүнсний ногоо, жимс жимсгэнийг угааж бай. Сүүн бүтээгдэхүүн, мах, хиам бусдаас түргэн мууддагийг сана.
Хүнсний бүтээгдэхүүнийг муутгадаг олон бичил биетэн 18-20 градуст илүү их үрждэг.
Бие сэтгэлээ стрессээс хамгаал
Халуунд хүйтэн усаар биеэ шүрших юм уу өдөр бүр шүршүүрт орох нь стресс үүсгэж, улмаар биологийн идэвхит олон бодис, түүний дотор сахар цуснаас эсэнд ороход саад болдог глюкокортикоидыг хөөдөг. Ингэснээр цусанд сахарын хэмжээ ихэсдэг байна.
Тэгвэл яахав: биеэ чийрэгжүүлэх аливаа төрлийн аргыг зугуухан хэрэглэ.
Бөөр хохирдог
Хүйтэн усанд сэлж, хүйтэн газарт сууснаар бие даарч, улмаар тухайн хэсгийн дархлааг муутгаж, биед халдвар ордог. Ингэснээр түрүү булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл сэдэрч, давсагны үрэвсэлтэй болно.
Тэгвэл яахав: усанд удаан сэлэхгүй байж, уснаас гарсны дараа нойтон өмдөө сольж, чийгтэй газар суухгүй байх хэрэгтэй.
Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэм хэмжээг сахи
Идэх зүйлээ сайн угаахгүй бол гэдэсний өвчин амархан авч мэднэ. Хүн олноороо цугларсан газарт таныг өч төчнөөн микроб хүлээж байгаа.
Тэгвэл яахав: гараа угаахаа бүү март. Зун цагт хувийн ариун цэврийг онцгой сахих хэрэгтэй. Бие зассаны дараа төдийгүй, хотын тээврээр явж, зах, эмнэлэг, бусад хүн олонтой газраар орсныхоо дараа гараа байнга угааж бай. Харамсалтай нь эмч нарын судалгаагаар, долоон хүн тумаас ганцхан нь л хоол идэхийн өмнө гараа угаадаг гэнэ. Зун цагт хоол хийж, идэх эрүүл ахуй-ариун цэврийн дүрмийг онцгой сахи. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг ус гоожуулан сайтар угааж, бас буцласан усаар зайлвал сайн.
Я.Сүхбаатар
Гэхдээ түүний гол зорилго нь өвчнийг нь намдааж сонсголыг нь сайжруулах. Ийнхүү олон жилийн уйгагүй оролдлогын үр дүнд хүнд байгалиас заяасан сонсголын аппарат байдаг бөгөөд тэр нь гавлын ясанд нь гүн нуугдсаныг олж мэджээ. Харин тэдний сонсож чадах эсэх нь эрүүл байгаа эсэхээс нь шалтгаалах бололтой. Чихний дотор хэсэгт авианы долгион орж шингэн хэлбэрт шилждэг. Тэрхүү шингэнийг латинаар кохлер гэх аж. Мөн тэрхүү шингэн дотор давирхаа мэт жижиг хэсгүүд хөвж явах бөгөөд авианы долгион чихний дотоод хэсэгт орж ирэхэд эдгээр жижиг хэсгүүдийг шингэн уусган авдаг.
Энэ процесс явагдахгүй болсон үед хүний сонсгол мууддаг байна. Эрдэмтэн Зен жижигхэн биетэй сээр нуруутан амьтад болох шувуу загас, хоёр нутагтан зэргийг 20 жилийн турш судалсны эцэст нэгэн гайхалтай зүйлийг олж мэджээ. Тэдний чих бэртэж гэмтсэн ч гэсэн хоёр долоо хоногийн дотор эдгэдэг байна. Учир нь тэдний чихэн дэх жижиг давирхаа хэсгүүд хуваагдан хэрхэн үржиж байгаагаар сонсгол нь эргээд хэвийн байдалдаа орж байжээ. Энэ зүйл эрдэмтэн Поскал Зенд ихийг бодогдуулсан гэнэ.
Тэрбээр зав чөлөө гарангуут лабораторидоо ирж судалгаагаа үргэлжлүүлсээр байж. Түүний гол зорилго нь хүмүүсийн сонсголын согогийг эмчилж чадахүйц эсүүдийг гаргаж авахаар ажиллах болжээ. Энэ эр нь чихний хамгийн гүн хэсэгт орших хэнгэргийн хальсны цаад талд оршдог байна. Түүнээс гадна нөгөө давирхаа мэт хэсгүүд ч бас байх бөгөөд эмч маань тэндээс шаардлагатай эсээ авч байгаа аж. Зен хэлэхдээ, судлах эсүүдээ чихний гүн дэх гурван өөр эсээс авч байгаа.
Тухайлбал, тэнцвэрийг хадгалдаг хэсэг нь хүрэхэд хамгийн хялбар. Мөн сонсголын эсээс авч байна. Ер нь сонсголын дун хэлбэрт хэсэгт нь үсний эсүүд байрладаг. Түүнээс гадна мэдрэлийн эсүүд байрладаг хэсэг байна. Эндээс авсан эсүүдийг хуваагдлын аргаар үржүүлэх аж. Зений таамгаар амьтдын эсүүдийн үржилээр сонсголын чадвар нь дахин бий болдог бол хүний сонсгол ч мөн адил эмчлэгдэх ёстой гэнэ.
Хамгийн гол нь хүний биеэс авсан эсүүдээ хангалттай өсгөх чадвал судалгааныхаа дараагийн шатанд шилжих боломжтой болох юм. Түүний олон удаагийн оролдлого амжилтад хүрэхэд ойрхон иржээ. Учир нь анхны туршилтаар эсүүд сайн хуваагдаж өссөн байна. Хамгийн гайхалтай нь эдгээр эсүүд нь нэг хүний чихнээс авсан эс биш гэнэ.
Зен сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг сонсголтой болгохын тулд сүүлийн хоёр жил ажиллаж байна. Ямартаа ч эхнийхээ амжилтад хүрсэн. Гэсэн ч анагаах ухааны үүднээс дахин судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Түүний ачаар сонсголын бэрхшээлтэй хүмүүс сонсголтой болох өдөр ойртсоор байна. Энэ ташрамд сонирхуулахад, Зен судалгааныхаа явцад хүний чихний эс нас барсан хойно нь хэсэг хугацаанд амьдарсаар байдгийг олж мэджээ.
Бие давхар эмэгтэйчүүдийн гар утасны хэрэглээ хүүхдийнх нь хүмүүжил, ааш занд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотолжээ.
АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн Лейка Кейфетс тэргүүтэй судлаачид 13159 хүүхдийг судалгаандаа хамруулжээ.
Тэдгээр хүүхдийн ээж нь бие давхар байхдаа мөн судалгааны үйл явцад хамрагдаж байсан аж. Олон жилийн ажиглалтын үp дунд жирэмсэн байхдаа гар утас их хэрэглэдэг байсан эмэгтэйчүүдийн хүүхэд бусадтай харьцуулбал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, биеэ хянаж авч явах, хөдөлгөөн хийхдээ тааруу байгааг илрүүлсэн байна. Жирэмсэн эх үүрэн утас ашиглахад өөрийнх нь биед хүчтэй нөлөөлөхгүй боловч нялх хүүхдэд илүү хортой байдаг аж. Гар утасны долгион хүүхдийн тархинд томчуудынхаас хүчтэй нөлөөлж, сэтгэл мэдрэл, оюун санааны согогтой болоход түлхэж ч болзошгүй гэнэ. Үүнийг судлаачид бие давхар эмэгтэй тамхи татахтай жишин тайлбарлаж байгаа юм. Эхийн хэвлийд байгаа нялх үp төдийгүй бяцхан жаалуудад гар утас ашиглах муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд мөн сануулжээ.
