Өвдсөн хүн болгоны хамгийн түрүүнд аврал эрэн очдог хүмүүс бол эмч нар. Тэд бусдын төлөө андгай тангарга өргөж, хийсэн үйл бүхнээ ариун гэгээн болохыг цагаан хувцастайгаа адилтган, “бид бол эрүүл энхийн манаанд ээлжгүй зогсдог цагаан нөмрөгт баатарууд” гэх зэргээр гоё чамин ярих дуртай. Гэвч манай улсад эмнэлэгт хандсан хүмүүс эмчилгээний зардлаасаа гадна эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч нарт тус тусад нь барих өргөл барьц заавал бэлддэг шинэ цагийн ёсон буй болсоор удаж байна. Үгүй дээ л тэд тариа хийх сувилагчдаа гэхэд ганц шоколад ч гэсэн хандуулахгүй бол тариурын зүүгээ ширүүхэн хатгуулахаас эхлээд ааш зангийн тааламжгүй авируудтай нүүр тулгардаг. Үүнийг нь юу ч ойлгодоггүй тэнэг хүн ч мэддэг болтлоо цэцэглэн хөгжжээ. Улсын нэр хүнд бүхий томоохон эмнэлгүүдээс эхлээд хөдөө, орон нутгийн том, жижиг гэлтгүй бүх л эрүүл мэндийн газруудад энэ үзэгдэл зарлиг мэт хэрэгжиж байна.
Өнөөдөр зөвхөн эрүүл мэндийн салбар л даннираа авилга хээл хахууль авдаг газруудын тал орчим хувийг буюу 46 хувийг эзэлж байна гэсэн таагүй судалгаа гарлаа. Гэмтэл согог, эх нялхас, халдварт, гээд улсад бүртгэлтэй хэдэн эмнэлэг болон хувийн гэх тодотголтой нэр нөлөө бүх л эмнэлгүүдийн үүдэнд очоод ах дүү, хамаатан саднаа сэтгэл зовинон хүлээх хүмүүсээс “Та эмч, сувилагчдад нь “юм” өгсөн үү?” гээд асуугаарай. “Үгүй” гэж хэлэх хүн гарвал тэр нөхөр тэнд найдвартай танил талтай юм уу, эсвэл илүү ихийг өгчээ гэж ойлгож болно. Ингээд бодохоор энэ үйлдэл дан ганц эмч нарын буруу биш ч юм шиг. Хүн “май” гээд юм өгч байхад “үгүй” гээд толгой сэгсрэх эрт цагийн үзэгдэл “үлгэр” болсон цаг шүү дээ. Тиймээс нэг талаасаа өвчтөнүүд өөрсдөө тэдний гарыг цайлгадаг “заншил” тогтоосон гэж болно. Тэгээд дараа нь “Эд нар чинь гар хараад болохгүй байна” гээд гонигагнож явах. Харин нөгөө талаасаа эмч нар өргөсөн тангарга, баталсан хуулиа зөрчиж байгаа юм. Эмч нарын цалин хөлсийг бусад төрийн албан хаагчдаас хангалттай илүүгээр нэмээд байхад л энэ үзэгдэл багасангүй. Харин ч нэмэгдэх төлөвтэй болов.
Мэдээж бүх эмч нар тийм биш л дээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарт гар хардагаараа алдартай хэсэг нөхдүүд байдаг аж. Тэд бол мэс заслын эмч, сувилагчид юм. Ачаалалтай ажилласан өдөр гэхэд л 2-3 удаа мэс засал хийдэг тэд тэр болгондоо өвчтөний ар гэрийнхний халаас хэтэвчинд “шалгалт” хийнэ. Хагалгаанаас гарч ирээд тэд харах харц, харьцах царайгаараа юм уу, эсвэл “Танай хүн маш хүнд муу байна” гэх зэргээр сэтгэл зүйн порол хийж “татвараа” авдаг байна. Ингээд хагалгаанд орсон багийн бүх хүнд, айж сандарсан, ая тал зассан ар гэрийнхэн нь чихэр, жимс, архи дарснаас эхлээд мөнгө төгөргөөр өргөл барина. Мэс заслын эмч нар ганцхан удаа хагалгаа хийсэн өдрөө багаар бодход 50-100 мянган төгрөгний цэвэр орлоготой ажилладаг тухай яриа бий. Олны үг ч ортой доо.
Ингээд иргэдийн гомдол дээд цэгтээ хүрсэн 2005 онд эмнэлгийн ажилтнуудад зориулсан ёс зүйн дүрэм гаргаж мөрдүүлэх гэж үзэв. Уг дүрмийн 3.21-т “эмнэлгийн ажилтнууд өвчтөний ар гэрээс ямар нэгэн шан харамж авч болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл энэ тушаал зөвхөн цаасан дээр л амьдарсаар өдийг хүрэв. Эмчлүүлэгч нь өгсөөр л, эмчлэгч нь авсаар л… Холбогдох газрууд нь ч шалгаж, хянахаас залхсан уу, аль эсвэл дийлсэнгүй юу таг чиг.
Хамгийн харамсалтай нь эмч нар авахдаа хариуцлагатай ч, ажиллахдаа хайхрамжгүй байх нь арай л шударга биш ажээ. Ийм тохиолдолууд сүүлийн үед олноор гарах болсоныг орой бүр шахуу телевизийн мэдээгээр ярьж байна. Үүгээр ч зогссонгүй ар өврийн хаалгаар орж ирсэн ур чадвар муутай сувилагчид өвчтөнийхөө судсыг ч олохгүй зүүгээр сийчэж, болохгүй болохоор нь загнаж зогсох ньдаанчхалагламаар. Гарыг нь хүндрүүлсэн өдөр тэд хайлсан тугалга шиг нялганан гүйж, ганц ч чихрийн ч орлогогүй үедээ бол төрөл арилжсан мэт явахыг нь харахад уур уцаар хүрэхээсээ илүүтэй өрөвдмөөр ч юм шиг. Хамгийн өндөр хариуцлага, алхам бүрдээ анхаарал болгоомжтой ажиллах ёстой мэс заслын эмч нар хүртэл алдаа гэж хэлэхэд ичмээр зүйл хийх болов. Жишээ нь өвчтэй хөлөө эмчлүүлэх гэж ирсэн өвчтөний эрүүл хөлд нь хагалгаа хийсэн байх юм. Бас гэдсэнд нь элдэв багж хэрэгсэл боолт бохироо үлдээж амь нас эрүүл мэндээр хохироосон гээд хүний санаанд оромгүй зүйлс гарах болов. Дээрээс нь эмч нарын хүнд суртал дийлдэхээ болилоо гэсэн иргэдийн гомдол үл тасрах ажээ. Энэ мэтээр цагаан нөмрөгтнүүдийн хар балаг үл тасрах болжээ. Тэдэнд зориулан хууль дүрэм гаргаж мөрдүүлэх гэсэн боловч “бүтэлгүйтэв”. Цалин хөлсийг нь нэмэж өгөв. Мөн л дээрдсэн юмгүй.
Эмнэлэг хийгээд эмчид хандсан хүн итгэл найдар гэхээсээ илүү “авардаг болов уу? алчихдаг болов уу?” гэсэн айдастай очдог болсон энэ цагт эрүүл мэндийн салбарыг эмчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Үүний тулд эмч, сувилагч, эмнэлгээс нь биш, тэднийг бэлддэг сургуулиудаас нь эхэлбэл амьдралд арай ойр мэт санагдах. Бүхэл бүтэн зургаан жилийн турш сураад эмийнхээ жорыг ч таньдаггүй эмч бэлддэг сургуулиуд сүүлийн үед хэт ихээр олширчээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт хийх эмчилгээг эдгээр сургуулиудаас эхлэн эрчимтэйгээр хийвэл үр дүнд хүрч боломоор биш үү?
Блогийн нүүр » Цагаан нөмрөгтний хар балаг
2009-07-06 12:48:06


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: