Хэт тарган хүмүүсийн ходоод тайрах, ходоодны амсар боох хагалгаа эрчимтэй хөгжиж байна

 

 

 

 

Хүүхдийн таргалалтаас сэргийлж үдийн цайнд хийжүүлсэн ундаа өгөхийг хориглох болсон.

Таргалалт судлаач эмч нарын дэлхийн чуулга уулзалтанд таныг оролцоод ирсэн гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Саяхан Нидерланд улсад болсон таргалалт судлаачдын олон улсын чуулга уулзалтанд нийт 75 орны 2500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэнээс Монгол улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Уг чуулга уулзалтанд тавигдсан илтгэлүүдээс харахад дэлхийн эрдэмтдийн санааг зовоож байгаа нэлээн том асуудал бол хүүхдийн таргалалт  байна. Бага, өсвөр насны хүүхдийн таргалалтын шалтгаан нь удамшил, хөдөлгөөний хомсдол, амттаны хэт их хэрэглээнээс үүсч байгаа бөгөөд үүнтэй холбоотой бага насны хүүхдийн дунд даралт ихсэх, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, мөн охидод сарын тэмдгийн мөчлөг алдагдах цаашилбал үргүйдэл үүсэх суурь эрт тавигддаг байна. Иймээс хүүхдийн таргалалтаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч Европын зарим оронд дунд сургуулийн хүүхдийн үдийн цайнд хийжүүлсэн ундаа өгөхийг  бүрэн хориглосон байна. Мөн таргалалтыг оношлох асуудал одоо бүрэн шийдэгдсэн байгаа бөгөөд хамгийн чухал зүйл бол эмчилгээ урьдчилан сэргийлэлт юм.

Таргалалт  улам ихсэх боллоо гэж ярьж бичдэг. Үүний шалтгаан нь юунд байна вэ?  Тарган хүн тал бүрийн зовлонтой гэдэг?

Таргалалт илүү жин нь соёл иргэншлийг дагаж ихэсдэг өвчин бөгөөд хөгжингүй  орнуудад эрдэмтэд сүүлийн 30 гаруй жил таргалалтыг эрчимтэй судалж  өдрөөс өдөрт шинэ нээлтүүд гарсаар  байна. Тухайлбал өөхөн эсийн өөрийх нь ялгаруулдаг олон төрлийн даавар болон цитокинууд тэдгээрийн үйлдэл болон өөхөн эдийн  бодисын солилцоог дээд хэмжээнд судалсаар байна. Таргалалт нь хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд, даралт ихсэх,үе мөчний өвчнүүд, амьсгалын замын эрхтнүүдийн өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд, мөн эмэгтэйчүүдэд зарим төрлийн хавдрын суурь болж байгаа архаг явцтай өвчин юм.  Илүүдэл кг тутамд  дунджаар 20 мг холестерин ихэсч    4,5 кг /10/ фунт тутамд 4,5 м.у.б -аар  систолийн даралт ихэсдэг болохыг тогтоосон байна. Одоо үед ДЭМБ-ын мэдээлснээр  дэлхий дээр 1,1 тэрбум орчим хүн илүү жин таргалалттай байгаа нь дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 900 сая орчим хүнээс илүү байгаа юм. Эпидемиологчдын таамаглаж байгаагаар 2025 он гэхэд эрэгтэйчүүдийн  40 % эмэгтэйчүүдийн  50% таргалалтаар өвчилсөн байх магадлалтай гэсэн байдаг.

 

Таргалалттай хүний  бараг 90 орчим  хувь нь хоёрдогч хэлбэрийн чихрийн шижингээр өвчилдөг бөгөөд таргалалтын нэлээн аюултай дагуул бол нойрон дунд амьсгал зогсох sleep apnea обструктивный апноэ болон артроз, бүдүүн гэдэс, цөсний хүүдийн  хавдар юм. Эмэгтэйчүүдэд шамбарам,  сарын тэмдгийн цикл алдагдах, үргүйдэл, бэлгийн гормоны алдагдалтай  хавсарсан  эндометрийн гиперплази, полипоз, мөн умайн хүзүү ,өндгөвч, хөхний хавдрын эрсдэл их өндөр  байдаг. Морбид буюу  хэт их таргалалттай өвчтөнүүд хэвийн жинтэй хүмүүстэй  харьцуулахад 25-30 насандаа нас барах нь 12 дахин  их байна. Энэ нь дэлхийн олон орны таргалалт судлаач эмч эрдэмтдийн  сэтгэлийг зовоож байгаа тоон үзүүлэлт юм.  Биеийн жингийн 10 %  хасахад зүрх судасны системийн эмгэг 9%, сахарный диабет 44 %, таргалалттай холбоотой  хавдар өвчний үхэл 40%, ерөнхий үхэл 20 %-аар буурдаг байна.

Танай эмнэлэгт таргалалтыг яаж эмчилдэг вэ, ялангуяа хүүхдийн таргалалтыг эмчлэх талаар?

одоо үед клиникийн практикт илүү жингийн фонон  дээр үүсч болох дээрхи өвчнүүдэд таргалалт ямар их сөрөг нөлөө үзүүлж  болохыг төдийлөн үнэлэхгүй байна.Таргалалт өвчнөөр хүндэрсэн өвчтөний  дагалдах өвчнийх нь шинж тэмдэгт нь илүү анхаарахаас шууд илүүдэл  жинг нь хасах эмчилгээ явагддаггүй байна. Таргалалтын эмчилгээ бол мэдээж жин хасах учир энэ нь өвчний үе шатаас шалтгаалан хоолны дэглэм, хөдөлгөөн, эмийн эмчилгээ байх ба сүүлийн үед АНУ, Мексик, европын зарим орнуудад тарган хүмүүсийн ходоод тайрах, ходоодны амсарыг боох хагалгаа эрчимтэй хөгжиж байна. Өөхлөлт биеийн аль хэсгээр илүү байгаагаас үүдэн таргалалтыг алим ба лийр хэлбэрийн гэж ангилдаг. Хэвлий гэдэс хавийн өөх ихтэй алим хэлбэрийн таргалалт нь  өгзөг гуяар өөх ихтэй лийр хэлбэрийн таргалалттай харьцуулахад зүрх судасны системийн өвчин, чихрийн шижин өвчинд илүү өртдөг. Алим хэлбэрийн таргалалтын үед хэвлийн өөх ихтэй байдаг учраас өрцийг байнга дээш шахан зүрхэнд ачаалал өгсөнөөр зүрх илүү ажиллан томордог. Манай эмнэлэгт таргалалтын шалтгаан, түүний үе шатууд, хувь хүний биеийн ерөнхий эрүүл мэндийн байдалд тулгуурлан эмчилгээг хийдэг. Нэгэнт шалтгааныг нь олж мэдсэнээр эмчилдэг тул эмчилгээний үр дүн өндөр, эргэж таргалах асуудал харьцангуй бага гардаг. Харин хүүхдийн таргалалтын асуудалд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дулимаг байгаагаас үүдэн бид сургалт зохион байгуулдаг. Хүүхдийг хөхөөр нь хоолохгүй, концентраци чихэр ихтэй сүүгээр байнга тэжээх зэрэг нь бүр багаас нь амттанд дуртай болох дуршилыг насан туршид нь үлдээх талтай. Үүнээс үүдэн багын мяраалаг, унаган махтай болдог. Ингэж багадаа олж авсан тарга нь насанд хүрсэн хойноо бий болсон таргалалтаас илүү хортой, жин хасахад төвөгтэй болдог. Яагаад гэвэл багаасаа таргалахад өөхөн эдийн тоо олширдог ба насанд хүрсэн хойно жин хасахад энэ тоо цөөрдөггүй. Харин том болсон хойноо олж авсан таргалалтын  өөхөн эдийн тоо олшрохгүй, зөвхөн хэмжээ нь томордог байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ багаас нь зөв хооллох дэглэм сургах нь чухал.

Тураах эмүүдийг өргөнөөр хэрэглэх болсон. Энэ талаар таны бодол?

 Манай улсад зарагдаж байгаа тураах эмүүдийн дийлэнх нь бусад  эрхтэний системд сөрөг нөлөөтэй болох нь мэдэгдэж хүмүүс ч хэрэглэхээс татгалздаг болсон.  Сүүлийн үед orlistat, xenical  зэрэг тураах эмүүдийн гаж нөлөө багатай шинэ хэлбэрүүд худалдаанд гарч байна.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.