Монгол Улсын ЭМЯ, Диабетологч эмч нарын холбоо, Монголэмимпэкс концерн, инсулины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Новонордиск компаниуд хамтран “Чихрийн шижин, түүний орчин үеийн эмчилгээ” сэдэвт үндэсний семинарыг зургадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо нийт мэргэжлийн эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн семинарын гол онцлог нь төр засаг, эм импортлогч болон үйлдвэрлэгч пүүс компаниуд чимээгүй тахал болсон чихрийн шижин өвчинтэй хамтран тэмцэх, орчин үеийн эмчилгээг нэвтрүүлэх, өндөр идэвхитэй, чанартай эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөсөн онцгой ач холбогдол бүхий болсонд оршино.
Семинарын үеэр Монгол Улсын Засгийн газар, Монголэмимпекс концерн, Новонордиск компанийн хамтын ажиллагааны гурван талт гэрээг байгуулж Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, Монголэмимпекс концерны гүйцэтгэх захирал Б. Болормаа, Новонордиск компанийн Монголыг хариуцсан захирал Андрей Ким нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус гэрээний дагуу хүний инсулины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Новонордиск компаниас 24,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед хэрэглэх хамгийн орчин үеийн, үр дүнтэй инсулин болох Новомикс эмийг Монгол улсад хандивласан нь эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд цаг үеэ олсон арга хэмжээ болсон юм.
Үндэсний семинарт оролцож буй эндокринологч эмч нарт ОХУ дахь Новонордиск компанийн эмнэлэг эрхэлсэн захирал, АУ-ны доктор Н. Лебедев, ОХУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор Е. Войчик нар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эмчилгээ, үр дүнгийн талаар танилцуулга сургалт хийлээ.
Дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг хүний инсулины 70 хувийг үйлдвэрлэдэг Дани улсын Новонордиск компанитай Монголэмимпекс концерн нь сүүлийн 10 гаруй жилийн турш хамтран ажиллаж, эм бэлдмэлийг нь импортлон нийт клиникийн эмнэлгүүд, өөрийн нэрийн эмийн сан, 21 аймаг дахь салбар компаниараа дамжуулан нийт Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: